Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахал боловсролын салбарт урьд өмнө байгаагүй шинэ сорилт, шинэ нөхцөл байдлыг бий болгосон билээ. Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж хичээл сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, сурагчид танхимаар хичээллэх боломжгүй нөхцөл байдалд чамгүй урт хугацааг үдэв. Энэ нөхцөл байдал сурагчдын бие бялдар, сэтгэл хөдлөл, нийгэмшлийн хөгжилд урт хугацаандаа сөрөг нөлөө бий болгох эрсдэлтэй байсныг судалгааны үр дүнгүүд илтгэж байсан билээ.
Тэгвэл 2 жил завсарлаад байсан нийгэм-соёлын ажил, нэмэлт хөтөлбөр, дугуйлан секцүүд 2 дугаар улирлаас эхлэн хэрэгжиж эхэллээ.
Энэ хичээлийн жил 30 төрлийн хичээлийн болон спортын нэмэлт хөтөлбөрүүдээс сурагчид өөрийн хүсэл, сонирхолдоо тулгуурлан сонголтоо хийж, хамрагдаж байгааг дуулгахад таатай байна.
Хичээл сургалтын үйл ажиллагаа нь хүүхдийн ирээдүйн сайн сайхны баталгаа бөгөөд нийгмийн олон талт хамтын ажиллагаанд суурилдаг. Энэ амаргүй цаг үед хувь хүн болоод гэр бүл, албан байгууллагын түвшинд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин биелүүлж хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, үр дүнтэй зохион байгуулахад хувь нэмрээ оруулцгаая.
“Сургууль бол хамгийн сүүлд хаагдаж, хамгийн түрүүнд нээгдэх ёстой газар билээ”
(НҮБ-ын Хүүхдийн сан, 2021).