Төгсөгчдийн  ЗАХИДАЛ

    Гадаадын их сургуулиудад амжилттай суралцах ялангуяа хамгийн шилдэг дээд боловсролыг олж авах талаар мэдээлэл хомс байх олонтаа. Ихэнх тохиолдолд сурагчид дөнгөж 11 болон 12 дугаар ангид орох үедээ л бага хэмжээний мэдээлэлтэй болж эхэлдэг нь харамсалтай. Мэдэхгүй, мэдээлэлгүйгээсээ болж асар их хэмжээний цаг алдах нь маш том сул тал юм. Учир нь гадаадын орнуудад сурагчид 8, 9 дүгээр ангиасаа эхлэн их сургуульд явуулах өргөдлийнхөө талаар судалж эхэлдэг. Энэ нь тэдгээр сурагчдад бусдаас түрүүлж алхах боломж олгодог бөгөөд төгсөх ангидаа орох үед бүх зүйл нь бэлэн болсон байдаг юм. Үүгээр зогсохгүй аль улсын их сургуульд явбал ямар орчинд очих, ямар үүрэг хариуцлага хүлээж байдаг талаар төсөөлөл муу байдаг билээ. Очсон хойноо юун дээр анхаарах ёстой, ямар ямар зүйлсийг мэдэх ёстойг зарим тохиолдолд өөрийн биеэр очихоос өөрөөр мэдэх аргагүй байдаг.

    Тэгвэл энэхүү ном нь эдгээр бэрхшээлүүдийг яаж даван туулах талаар танд бага ч гэсэн мэдээлэл өгөх юм. Учир нь энэхүү ном нь төгсөгчдийн зүгээс доод ангийнхаа дүү нарт зориулан зөвлөгөө болгож бичсэн захидлуудын эмхэтгэл билээ. Аль хэдийн Шинэ Эрин сургуулиа төгсөн алс холын орнуудад дээд боловсрол эзэмшиж буй төгсөгчид өөрсдийн туршлагаас хуваалцаж байгаа юм. Явахаасаа өмнө, ямар ямар зүйлсийг бэлдэх, өгөх шалгалтууд, давах шалгууруудыг нэгд нэгэнгүй тайлбарласан бөгөөд өөрсдийн бэлдэж байсан аргачлал зэргийг тусгасан юм. Түүнчлэн тус улсадаа сурах үед мэдэх ёстой ерөнхий мэдээлэл, зааварчилгаа, бас сурах орчин зэргийг дурдсан билээ. Хамгийн гол нь эдгээр зөвлөгөөнүүд өөрсдийнх нь туршлага дээр үндэслэсэн бөгөөд өөрсдийн төгссөн сургуулийнхаа одоогийн сурагчдад туслах гэсэн чин сэтгэлийн үүднээс бид бэлдэж оруулав.


PDF хувилбараар татаж авах бол энд       дарна уу.